Тэнэгүүдийн хаант улсад


       За надад туслагч найз маань болох Мөнхбаярын Цэцэнцэнгэлийн орчуулсан үлгэр байна. (Түүний блогруу энд даран орж болно.) Үнэхээр хөөрхөн үлгэр юм. Энэтхэг ардын л үлгэр бололтой. Англи хэлнээс Монгол хэлрүү орчуулсан болохоор алдаа мадаг байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ гайгүй байх гэж бодож байна
            Эрт урьдын цагт Тэнэгүүдийн хаант улс байж гэнэ. Тэнэгүүдийн хаант улсын хаан сайд хоёр нь тэнэг юмсан гэнэ. Нэг өдөр хаан сайд хоёр бусад хаадаас ялгарахын тулд нэгэн санаа сэджээ. Тэр нь өдрийг шөнөөр, шөнийг өдрөөр солих байж гэнэ. Тэгээд ард иргэддээ хүн бүр наран жаргахад босож тариачид нь газар тариалангаа эрхэлж, наймаачид нь худалдаа арилжаагаа хийж, оёдолчид нь үйлээ хийж, малчид нь малаа хариулж яг л өдөр мэт байж харин наран мандахад бүгд унтаж бай гэж зарлигдав. Энэхүү зарлигийг эсэргүүцсэн хэнийг ч бай цаазаар авах байсан учраас хүн бүр уг дуугүй зарлигийг биелүүлцгээв. Ингээд хаан сайд хоёрын хүсэл нь биелэв.


Нэгэн өдөр Тэнэгүүдийн хаант улсад нэгэн даяанч шавьтайгаа ирэв. Нарны гэрэл хотыг гийгүүлж үзэсгэлэн төгөлдөр хот үзэгдэх авч хотын гудамж талбайд хэн ч байсангүй. Хотын бүх хүмүүс, мөн адуу мал ч хүртэл бүгд унтаж байлаа. Даяанч шавь хоёр хотоор гайхан явсаар орой болоход гэнэт хот гүн нойрноосоо сэрж чимээгүй байсан хот хөл шуугианаар дүүрэв.

Даяанч шавь хоёр өдөржин хоолгүй өлсөж байсан тул идэх юм авахаар 
дэлгүүр явав. Тэгтэл дэлгүүрийн юм бүхэн нь адилхан үнэтэй юм гэнэ. Нэг уут будаа ч ганц зоос, хоёр уут будаа ч ганц зоос. Даяанч шавь хоёр үнэхээр их баяртай байлаа. Тэр хоёр ийм хачинг өмнө нь харж байтугай сонсож ч байгаагүй юм. Тэгээд тэр хоёр ганц зоосоор хүссэнээрээ идэх юм авлаа. Тэгээд тэр хоёр хоол хийж идэв.

Даяанч хоолоо идэж дуусаад энэ улсыг Тэнэгүүдийн хаант улс гэдгийг мэдээд явахыг хүсэв. Тэгээд шавьдаа:
- Энэ газар удаан байж болохгүй. Явцгаая! гэв. Тэгтэл шавь нь ийм хямдхан хоолтой газраас явмааргүй байна гэв. Даяанч:
- Эд бүгд тэнэгүүд. Дараа нь ямар тэнэг зүйл хийхийг нь чи мэдэж чадахгүй гэв.

Гэвч шавь даяанчийн үгийг авалгүй Тэнэгүүдийн хаант улсад үлдэхээр шийдсэн байлаа. Даяанч - “За яах вэ, хүссэнээрээ л бол. Би явлаа” гээд Тэнэгүүдийн хаант улсаас явав. Шавь нь үлдэж өдөр бүр хүссэнээрээ будаа, гадил, гурил идсээр улам бүр таргалсаар байв.

Нэгэн өдөр нэгэн баян худалдаачны гэрт хулгайч оров. Хулгайч байшингийн ханыг нүхэлж байшинд шургаж орох гэж байтал хуучин байшингийн хана нурж хулгайчийг дарж алав. Хулгайчийн ах үүнийг мэдээд шууд хаан дээр очиж ийн гомдол гаргав.
- “Миний дүү хулгай хийж яваад байшингийн хана нурснаас болж амиа алдлаа. Муу ханатай байшин барьсан худалдаачныг шийтгэх хэрэгтэй” гэв.

Хаан:
- Энэ хэргийг шударгаар шийдэх болно. Санаа зоволтгүй гээд өнөөх байшингийн эзнийг дуудуулав.

Худалдаачныг хаан дээр ирэхэд хаан ийн асуув:
  • Нэр чинь хэн бэ?
  • Иймэрхүү иймэрхүү эрхэм дээдсээ.
  • Хохирогч танай байшинд хулгай хийх гэж байхад чи байсан уу?
  • Тийм ээ эрхэм дээдсээ. Хана нэвтэлж орж ирэх гэж байгаад хана дээрээс нь нурсан билээ.
  • Тэгвэл чамайг буруушааж байна. Чиний хана энэ хүний дүүг алсан. Тийм болохоор чамайг хүн амины хэргээр шийтгэж байна.
  • Эзэн минь” гээд яах ч аргагүй болсон худалдаачин ийн өчрүүн:
  • Би энэ ханыг бариагүй. Жинхэнэ буруутай хүн бол энэ ханыг барьсан хүн. Тэр сайн барьсан бол ийм хэрэг болохгүй байлаа. Та өрлөгчинг шийтгэнэ үү!
  • Хэн юм тэр чинь?
  • Эзэн минь. Миний эцгийг амьд сэрүүн байхад энэ ханыг бариулсан юм. Би хэн барьсныг нь мэднэ. Энүүхэн ойрхон амьдардаг.”

Хаан хана барьсан өрлөгчнийг авчруулахаар хүн явуулав. Өрлөгчний гар хөлийг нь хүлсэн авчрав.
  • Чи энэ хүний эцгийг байхад ханыг нь барьсан уу?
  • Тийм ээ эрхэм дээдсээ. Би барьсан.
  • Чиний барьсан хана чинь тэр хүний дүү дээр нураад алчихлаа. Чамд хүн амины хэргээр цаазын ял өгч байна.

Хаан зарлигаа гаргахаас өмнө өрлөгчин ийн өчив:
  • Хаантан минь зарлигаа гаргахаасаа өмнө миний үгийг сонсоно уу. Би муу хана барьсан нь үнэн. Учир нь миний анхаарал сарниад байсан юм. Намайг хана барьж байхад нэгэн эм гудамжаар бүхэл өдөржингөө нааш цааш холхиж хөлийн зүүлт нь дуугараад миний анхаарлыг сарниулаад байсан. Та тэр эмийг шийтгэ. Одоо хөгширсөн болсон. Би хаана амьдардгийг нь мэднэ.

Эмгэнийг шүүхэд авчирлаа.
  • Чи олон жилийн өмнө энэ хүнийг хана барьж байхад гудамжаар нааш цааш холхиод байсан уу? Энэ хүнийг таних уу?
  • Танина эзэн минь. Маш сайн санаж байна.
  • Тэгвэл чи гудамжаар нааш цааш холхиход хөлийн чинь зүүлт дуугарч энэ хүний анхаарлыг сарниулж муу хана бариулсан. Тэгээд хөөрхий хулгайч дээрээс нураад алчихлаа. Чи энэ гэм буруугүй хөөрхий хүнийг алсан хэргийг хийсэн учраас чамайг шийтгэж байна.

Эмгэн гялс өгүүлрүүн:
  • Хаантан минь азнаач. Би яагаад тэр гудамжаар нааш цааш холхисноо хэлье. Өөрт байсан жаахан алтаараа чимэг хийлгүүлэхээр дарханд өгсөн юм. Гэвч муу залхуу дархан чимгийг минь одоохон хийж өгнө гэж намайг хэдэн арван удаа буцаасан. Энэ миний буруу биш муу дархных.
Хаан өгүүлрүүн:
  • Эмгэний хэлсэн үг үнэн бөлгөө. Эцсийн эцэст гэмтнийг оллоо. Дархныг хаа нуугдсан газраас нь авчир.

Хааны зарлигаар албатууд нь дэлгүүрийнхээ буланд нуугдаж байсан дархныг олж барьж авав. Дарханд ч гэсэн өчих үг бий буюу
  • Хаантан минь. Би бол ядуу дархан хүн. Үнээн, би энэ эмэгтэйг олон дахин буцаасан. Учир нь би баян худалдаачны захиалгыг дуусаагүй байсан болохоор эмэгтэйн чимгийг хийж амжаагүй байсан юм. Худалдаачны хурим дөхөж байсан болохоор удааж болохгүй байсан. Дээр нь худалдаачны тэвчээргүйг хэлэх үү.
  • Тэгвэл ямар баян худалдаачин нь энэ эмгэний чимгийг удаалгуулж, олон дахин нааш цааш явуулж, өрлөгчний анхаарлыг сарниулж, муу хана бариулж гэмгүй хүнийг амийг үгүй хийлгэсэн гэмийг үйлдсэн бэ? Нэрлэж чадах уу?
  • Наад хана нурсан байшингийн эзэн худалдаачин шүү дээ.

За ингээд буцаад худалдаачин дээр ирлээ. Худалдаачныг шүүх дээр авчрахад худалдаачин уйлан дуулсаар:
  • Тэр чинь би биш. Миний эцэг шүү дээ! Эцэг минь нас барсан! Би ямар ч буруугүй!

Гэвч хаан сайд хоёр зөвлөлдөөд:
  • Чиний эцэг чинь гэмт хэрэг хийсэн бөгөөд одоо нас барсан бол тэрний оронд хэн нэгэн шийтгүүлэх ёстой. Чи эцгээсээ эд хөрөнгө баялгийг нь сацуу гэм нүгэлийг нь хүртэл өвлөж авсан гэсэн үг. Энэ бол миний амьдралдаа хэзээ ч харж байгаагүй аймшигт хэрэг байна. Чамд заавал алах ял өгнө.
Хаан цаазын ялыг гүйцэтгэх шор бэлтгэ гэж тушаав. Албатууд нь цаазын ялыг гүйцэтгэх шорыг бэлдэв. Гэтэл худалдаачин туранхай болохоор шорлогдохгүй байлаа. Тэгээд худалдаачныг шортой жийрэглэх бүдүүн хүн хэрэгтэй болов. Бүх хүн бүтэн сар будаа, гадил, гурил идсэж таргалсан шавийг харж байлаа. Шавь:

  • Би яагаа ч үгүй. Би буруугүй гэж шавь орь дуу тавив.

Буруугүй байж болох ч шоронд жийрэглэх хүн хэрэгтэй байна гээд шавийг цаазын ял гүйцэтгэх газарт гаргав. Тэр үед шавь даяанчийн хэлсэн үгийг саналаа “Энэ тэнэгүүдийн улс байна. Чи дараа нь ямар тэнэг юм хийхийг нь мэдэж чадахгүй”. Тэгээд үхлээ хүлээсэн шавь үнэн зүрхнээсээ даяанчид залбирлаа. Даяанч хаа хол байсан түүний зовлонг сонсож өөрийн ид шидийн хүчээр шавь дээрээ шууд очлоо.

Тэгээд хаанаас ийн асууруун:
  • Мэргэн хаан минь даяанч шавь хоёрын хэн нь агуу билээ?
  • Мэдээж даяанч. Яагаад ийн асуув?
  • Тийм бол намайг түрүүлж шорлоно уу. Дараа нь шавийг минь шорло.

Тэгтэл шавь үүнийг сонсоод:
  • Үгүй ээ. Надаас эхэл. Би түрүүлнэ!

Тэгээд даяанч шавь хоёр хэн эхлэх дээр маргаж гэнэ. Хаан ч шийдэж үл чадаад даяанчаас асууж гэнэ.
  • Яагаад чи үхэхийг хүсээ вэ? Бидэнд тарган хүн хэрэгтэй байсан болохоор энэ хүнийг сонгосон юм.
  • Яагаад гэвэл нууц. Мэргэн хүн л үүнийг ойлгож чадна. Намайг түрүүлж шорлоно гэвэл танд хэлье.

Хаан ч ам өчгөө өглөө. Даяанч ийн өгүүлрүүн:
  • Яагаад бид хоёр үхэх гээд байгаа вэ? гэвэл хорвоо ертөнцөд хосгүй улс нь хаан таны улс байна. Энэ шор бол үнэндээ бурхны шүүлтийн шор юм. Шинэ бөгөөд ариун. Хэн түрүүлж энэ шоронд үхнэ тэр хүн нь дараа төрөлдөө энэ улсын хаан болж төрнө. Бид хоёр энэ даяанч амьдралаас залхаж байна. Хаан сайд болж зугаа цэнгэлийг мэдэрмээр байна. За одоо үгэндээ хүрч биднийг ална уу. Эхлээд намайг шүү.

Хаан гүн бодолд оров. Хаан дараа төрөлдөө хаан ширээгээ алдахыг хүссэнгүй. Тиймээс цаазын ялыг маргааш хүртэл хойшлуулав. Тэгээд сайдтайгаа нууцаар уулзав. Хаан өгүүлрүүн:
  • Дараа төрөлдөө хаан ширээгээ алдмааргүй байна. Хоёулаа энэ шоронд орж дахин хаан сайд болж төрцгөөе. Мэргэн хүн худал хэлдэггүй гэв. Сайд ч зөвшөөрөв.

Тэгээд хаан цаазын ял гүйцэтгэгчид:
  • Өнөө шөнө цаазын ялыг гүйцэтгэ. Ямар ч алдаа мадаг гаргаж болохгүй хэмээн захив.

Тэр шөнөдөө хаан сайд хоёр даяанч шавь хоёрыг суллаж өөрсдөө оронд нь оров. Цаазын ялыг гүйцэтгэлээ.

Тэгтэл ардууд хаан сайд хоёр үхсэн байхыг үзэв. Хот тэр чигээрээ гайхшрав. Тэгээд тэр шөнөжингөө энэ хаант улсын ирээдүйн тухай ардууд хэлэлцэв. Тэгтэл даяанч шавь хоёрыг байхгүй байгаа мэджээ. Хотоос нууцаар дөнгөж гарч байхад нь гүйцэж очоод бидэнд хаан сайд хэрэгтэй болохоор бидний хаан сайд болооч гэж гуйв. Даяанч дургүйцэж байсан ч сүүлдээ зөвшөөрөв. Тэгээд шинэ хаан сайд хоёр энэ улсын хуучин хуулийг үгүй болгож өдөр нь өдрөөрөө, шөнө нь шөнөөрөө болж, бүх барааны үнэ хэвэндээ орж бусад улсын адил амар сайхандаа жаргажээ.


Орчуулга үйлдсэн: Мөнхбаярын Цэцэнцэнгэл

0 сэтгэгдэл:

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment

Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!