Миний бичих гээд байгаа юмны гол баатар хэн ч байж болно. Батаа, Доржоо, Болдоо хэн ч байсан яахав. Тэр залуу юу ч гэсэн 26 настай байг л дээ. Нэг томхон компанид ерөнхий менежер хийдэг.
Багадаа их зовсон доо хөөрхий. Уул нь толгой нь дажгүй. Тээр нэгэн жил сургалтын төлбөр нь олдохгүй сургуулиа хаясан гэж байгаа. Өөрөө өдөр шөнөгүй хүнээс гуйж авсан номоо гөлөрсөөр байгаад дээр дурьдсан том компаний жижиг салбарын менежер болчихов. Тэр бид хоёрт аль алинд нь диплом хэрэг болсонгүй ээ. Тэгэхдээ хальт эчнээгээр менежментийн ангид сурчихав. Бурхан нэг өдөр зовлонгийнх нь хариуг барьдаг л юм байна. Мань хүн төв компаныхаа менежер болов. Үнэхээр л бурханд л талархахаас яахав? Яриа хөөрөөтэй залуу асар хурдан дээшилж чаджээ. Хамтран ажиллагсад нь түүнийг хүйтнээр харна. Тэр нь өөрт нь харин өөрөөрөө бахархах сэтгэл төрүүлнэ...
Аа тийн. Цаа чинь ээж аавын ганц хүү. Амьдрал зохиож амжаагүй л яваа. Тэгэхдээ гадаадад сурдаг хөөрхөн ааштай найз охинтой. 2 өрөө байртай, хүн голохгүй машинтай.
Нэг өдөр мань хүний танилын төрсөн өдөр болов. Мань хүн маргааш нь чухал хуралтай байлаа. 100хан грамм виски татчаад явахаар болов. Яваад л байлаа. Гэрлийн гялбаанд орчихлоо, өөдөөс нь ирж байсан нөхөр гэрлээ шилжүүлсэнгүй. Мань хүн ч хурдаа хассангүй ээ. Урд нь тас хийх чимээ гарлаа. Нэг л мэдэхэд мөрдөнгийн хүйтэн өрөөнд ''Ялтаан бос'' гэж захиргаадангүй дуугарах хуягийн дуунаар ухаан оров.
Нөгөө бурхан чинь Одоо болноо миний хүү гээд салаавч үзүүлчихэж дээ хөөрхий. 4н жилийн жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлэх тогтоолоор шүүгч алхаа зохив. 4 жил суугаад гараад ирнээ юу байхав гэж л бодохоор яахав. Даанч манай хүнд танил тал байсангүй дээ.
4 жилийн дараа 30 хүрлээ дээ. Гараад ирлээ. Эцэг, эх нь зөнөж дээ. Харж түших хүн байсангүй. Найз бүсгүй хүлээнэ хүлээнэ гэхэд яаж 4 жил хүлээхэв аваад сууцан авгай нь биш, өөр хүнтэй болж л таараа. Тэгэхдээ зүгээрээ Халхын хүүхнүүд хаданд авирсан биш ажилдаа орно доо. Даанч 4 жил гэдэг дэндүү урт юм даа. Юун ажил, танихгүй царайлах хуучин танилууд нь л ажлын хаалгаар угтав. Тэгэхдээ хоосонгүй ээ барилга дээр өрөлгөчин. Ингээд дээд боловсролтой өрлөгчин гарч ирэв ээ. Ажил тараад унааны мөнгөө аваад бас нэг өрлөгчинтэйгөө нийлээд ганц шил юм цааш нь харуулчихгүй яав гэж.
Санаа зовох амьдрал байх биш барилгийнхаа материалаас хусаад галуун хүзүүтээр солиод яваад байхад хоёр идэхгүй хоосон хонохгүй болж л байна. Мэдээж нэг өдөр баригданаа. Энэ удаад харин илүү танил санагдах мөрдөнгийн хаалгаар дахин шагайв. 3-5 жил нөгөө засан хүмүүжүүлэх нэртэй зам алдуулах газартаа дахин очино доо.
Монголд нийгмийн хог шаар ингэж л үйлдвэрлэгддэг юм даа. Алий гэж хүн алаагүй нэг л өдөр хүний 70 жилийн амьдралыг баллахад хангалттай юм даа.
1 сэтгэгдэл:
Чи нээрээ сэтгүүл зүйн ангийг төгссөн хүн шиг бичжээ, чөтгөр алгад гэж!
Post a Comment
Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D