Мэргэжлийн сагсан бөмбөгчин JR Smith-ийн тухай

              Энэ залуу бол миний хамгийн дуртай сагсан бөмбөгчдийн нэг. Сагсан бөмбөгийг жинхэнэ өөрийнхөө сэтгэлийн хөөрлөөр сэтгэлээсээ тоглодог. Гуниж гутарч чойрсон үедээ маш муу амжилт үзүүлдэг ч эсрэгээрээ онгирч сагсуурч галзуурсан үедээ гайхамшгийг бүтээх чадвар, чадалтай авьяаслаг сагсан бөмбөгчин юм. Бүгд түүн шиг эмоцоороо сагс тоглодог бол мөн ч сайхан байх байсан биз.

             Earl Smith III буюу бидний мэдэх JR Smith аргын тооллоор 1985 оны 9-р сарын есний Даваа гарагт АНУ-ын New Jersey муж дахь Freehold-д төржээ. Тэрээр ахлах сургуульд орохоосоо өмнө Millstone-ийн дунд сургуулийг 1999 онд төгсжээ. Түүний сагсан бөмбөгийн замнал Lakewood-ийн ахлах сургуулиас эхэлсэн бөгөөд Lakewood-ийн ахлах сургуульд орохоосоо өмнө Steinert болон McCorriston-ийн ахлах сургуулиудыг дамжиж байжээ. Үүний дараагаар тэрээр Гэгээн Benedict-ийн бэлтгэл сургуульруу шилжин жинхэнэ сагсан бөмбөгийн амжилтын гараагаа эхэлжээ. Тэнд байхдаа манай залуу нэг тоглолтонд дунджаар 27 оноо авч, 6 удаа самбараас бөмбөг авалт, 5 удаа оновчтой дамжуулалт хийдэг байжээ.

            Үүний дараа 2003 оны хавар Smith маань Chapel Hill дахь Хойд Каролинагийн их сургуульд тоглох саналд гарын үсэг зуржээ. Улмаар 2004 оны дөрөвдүгээр сард мань хүн коллежээс татгалзаж өөрийгөө NBA Draft-д зарлахаар шийджээ. Ийнхүү JR 2004 оны NBA-ийн Draft-ийн нэгдүгээр тойргийн арван наймдугаар сонголтоор New Orlean Hornest багт ирсэн юм. Тэр жилийн Draft-аар NBA-д шууд ахлах сургуулиасаа есхөн тоглогч орсны нэг нь JR Smith байв.


            Rookie жилдээ мань эр 10.3 оноо, 2.0 самбараас бөмбөг авалт, 1.9 оновчтой дамжуулалтыг дунджалж 2005 оны 1, 2, 3-р саруудад  өрнөд бүсийн шилдэг rookie тоглогч болж байв. Мөн оны Slam Dunk-д өөрийн багийн анд Chris Andersen-тай хамт хүчээ сорин, нурууныхаа ардуур бөмбөг гарган тохох гэх мэт гайхалтай үзүүлбэрүүдийг үзүүлж байсан боловч Atlanda Hawks-ийн мангас Josh Smith-д ялагдаж байсан юм. Харин Chris Anersen-ий хувьд Smith-тэй адилхан дээрэнгүй байрын нөхөр бөгөөд хар тамхины хэргээс болж хоёр жил тоглох эрхээ хасуулж байсан нэгэн. Тэрээр төвд тоглодог нуруулаг тоглогч учраас тохолт болон хаалт хийх тал дээр бол ярих юм биш. JR-ийн адилаар тэсрэлттэй зүйлүүдийг хийж чаддаг нэгэн. Та бүхэн JR Smith-ийн гайхалтай үзүүлбэрүүдийн нэгийг нь доорх видеоноос үзнэ үү!


  • 2006 оны 7-р сарын 13нд. Hornets баг Smith-ийг хүчний довтлогч P.J Brown-ий хамтаар Bulls багийн хүчний довтлогч Tyson Chandler-ээр сольжээ.
  • 2006 оны 7-р сарын 19нд. Мань хүн дахиад л худалдагдав. Гэхдээ энэ удаад Denver Nuggets багруу хамгаалагч Howard Eisley болон 2007 оны Draft-ийн хоёрдугаар тойргийн хоёр сонголтоор солигджээ.
 
  • 2006 оны 12-р сарын 16нд. Унаган багын онгироо гар Knicks-ийн талбай дээр зочлон тоглож байхдаа тоглолтын үеэр зодоон хийж арван тоглолтонд тоглох эрхээ хасуулав.
  • 2007 оны 2-р сарын 20нд. Манай хүн зүүн хөлнийхөө өвдгөнд гэмтэл авч гурав дөрвөн долоо хоног тоглох боломжгүй болж шинэ багтаа ирсэн түүний анхны улирал жаахан онцгүй өнгөрөв.
  • 2007 оны 10-р сарын 13нд. Бас л манай сагсуу эр Денверийн нэгэн шөнийн клубт маргаан хийж асуудал үүсгэснээр улирлын эхний гурван тоглолтонд орох эрхээ хасуулав.
  • 2008 оны 7-р сарын 25нд. JR Smith АНУ-ын сагсан бөмбөгийн багийг Олимпид бэлдэхэд тусалдаг ахлах багт багтсан байна.
  • 2009 оны 2-р сарын 10нд. Memphis-ийн Rudy Gay гэмтэлтэй байсан учраас түүний оронд ямар ч бэлтгэлгүйгээр Slam Dunk-ийн тэмцээнд хоёр дахь удаагаа орсон. Гэвч бэлтгэл хийгээгүй хайнга гар хоёр гурав тохох төдий юм болоод л хасагдсан.
  • 2009 оны 4-р сарын 13нд. Smith Sacramento Kings-ийг талбай дээрээ хүлээн авч тоглохдоо 22 шидсэнээс 13-ийг нь амжилттай оруулж нийт 45 оноо авж өөрийн NBA дахь рекордоо тогтоосон. Тэрээр энэхүү тоглолтын турш 11 удаа гурван онооны шидэлтийг амжилттай гүйцэтгэсэн бөгөөд энэ нь бүх цаг үеийн рекорд болох (Bryant болон Marshall нар хамт эзэмшдэг) "Нэг тоглолтонд 12 удаа гурваас оруулсан" гэх тодотголтой дээд амжилтанд хүрэхэд ердөө ганцхан удаа гурваас оруулах л дутсан юм. Түүнийг яаж 11 удаа гурваас оруулсан бичлэгийг та доорх бичлэгнээс үзнэ үү!

  •  Өнгөрсөн 09-өөс 10 оны улиралд тэрээр өөрийн өмсгөлийн "1" хэмээх номерийг Allen Iverson-оор солигдон Detroit Pistons-оос ирсэн хашир туршлагатай од тоглогчдын нэг Chauncey Billups-д өгөхийг зөвшөөрч, харин өөрөө "5" хэмээх номертой тоглох болсон. Учир нь Chauncey Detriot-д байхдаа "1" дугаартай тоглодог байсан билээ. Мөн 09-10 оны улирлын тоглолтуудын үеэр буюу 12-р сарын 23-нд Atlanta Hawks-тай хийсэн тоглолтонд тэрээр мөн 10 удаа гурваас оруулж 41 өөрийнхөө хувийн амжилтыг эвдэж NBA-ийн рекордыг Marshal, Bryant нартай хамтдаа эзэмшихэд хоёрхон л дутжээ.


  • Тэрээр одоогийн байдлаар нийт гурван удаа л NBA-ийн play off-д оролцож байсан бөгөөд эхний удаа 2006-2007 оны улиралд оролцож байсан. Даанч тэрхүү play off-д мань хүн олигтой сайн тоглож чадаагүй ч дасгалжуулагч George Karl түүнийг багт хэрэгтэй сайн зургаа дахь тоглогч гэж үзсэн хэвээр л байв.
 
  • Play Off-д хийсэн дараагийн аялал. Энэхүү play off-д манай залуу урд урдынхаасаа илүүтэйгээр өөрийгөө нээн харуулж чадсан. Хэдий play off-ийн эхний тойрогт хүчирхэг Los Angeles Lakers-тэй таарсан ч гэсэн JR Smith дунджаар 27.0 минутыг талбайд өнгөрүүлж 18.3 оноог нэг тоглолтонд авч 53.5%-тай шидэж хамгаалагчийн байрлалд тоглодог гэхэд маш өндөр хувьтай шидэж байсан юм. Гурваас ч гэсэн гурав шидсэнийхээ нэгийг нь оруулж 31.8 хувьтай шидэж байлаа. Хэдийгээр эхний тойрогтоо л Nuggets Lakers-д бут ниргүүлсэн ч гэсэн Lakers-ийн хамгаалагч супер од Kobe B.Bryant "JR бол сайн залуу тоглогч, түүний гарт их юм бий..." гэж түүнийг сайшаан ярьжээ.
  • Play Off-ийн гурав дахь аялал. Энэхүү play off-d Nuggets өмнөх жилээсээ илүү сайн тоглоцгоож байв. Үүнд Smith-ийн үүрэг ч багагүй байсан билээ. Сэлгээнээс гарч ирэн оновчтой шидэлт, гоёмсог тохолтуудаараа багийнхныгаа хөгжөөж сэргэлт өгдөг тамирчин маань энэхүү play off-д 14.9 оноог дунджалж 45.4 хувьтай шидэж муугүй амжилтыг үзүүлж байв. Үүнийхээ ачаар ч Denver Nuggets өрнөд бүсийн аваргын төлөө гарч ирсэн болов ч мөн л хүчирхэг Lakers-д ахин ялагдсанаар түүний гурав дахь play off-ийн аялал дуусчээ.
  • Энэ улиралд тэрээр 11.4 оноо, 4.10 самбараас бөмбөг авалт, 2.0 ашигтай дамжуулалтыг дунджаар авч байгаа бөгөөд миний бодлоор энэ статистик түүний хувьд хангалтгүй гэж үзэж байгаа юм. Магадгүй түүнийг гараанд гарган тоглуулвал илүү их оноо авч санаачлагатай тоглохыг үгүйсгэхгүй. Гэвч тэгсэн тохиолдолд Denver-ийн сэлгээний тоглогчид маш сул бүрэлдэхүүнтэй болох байх л даа. Ямар ч байсан манай хүн Nuggets-д хэрэгтэй хүмүүсийн нэг гэдгийг хэн хүнгүй хүлээн зөвшөөрөх байхаа. 
  • Melo-Boy багаасаа явахыг машид ихээр хүсч байгаа. Тиймээс би өөрөө JR Smith-ийн тоглолтыг үзэх дуртай хүний хувьд түүнийг жаахан дэмжээд өгөөсэй л гэж хүсч байгаа юм даа. Тохно, шиднэ, орно, цацна, хурд хийнэ, бөмбөг таслана ийм сайн ур чадвартай хүнийг олон минут тоглуулаад урмаар тэтгээд өгвөл хол явж магадгүй шүү!
За ингээд та бүхэн 2010-2011 оны NBA-ын улирлын хамгийн шилдэг тохолтуудын тоонд зүй ёсоор орж буй түүний нэгэн гайхалтай тохолтыг үзнэ үү!


    His Career Mix:






    Энэхүү мэдээллийг Сэтгэ.мн-ээс өөр вэб сайт болон вэб блогт нийтлэхийг хатуу хориглоно!

    1 сэтгэгдэл:

    Ga.Autorun said...

    Sain toglogch. Shiidnii mangas ;))

    :)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

    Post a Comment

    Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D

    Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

     
    Блогийн дизайныг бүтээсэн "Чөлөөт УордПресс загварууд"-ын хамт олон | Блоггерт хөрвүүлсэн: Лазанта(Lasantha) - Энд дарж блоггерийн премиум загваруудтай танилцаарай!