За Харх хочит миний тухай биш харх гэдэг амьтны тухай бага сага мэдээлэл хүргэж байна. Уг мэдээллийг уншсан хүмүүс зөндөө их байдаг л байх. Гэхдээ мэддэггүй нь ч бас бий. За за нуршаад яахав дэлгэрэнгүйг үзээд заавал уншиж үзээрэй! Маш сонирхолтой шүү! Ямар сайндаа л өөрөө өөртөө Харх гэдэг хоч өгч байхав дээ би...
Эх сурвалж: origo.mn
Харх хэмээгч амьтантай хүн төрөлхтөн эртнээс тэмцэж ирсэн аюулт дайсан нь. Харин монголчууд бидний хувьд аюултай амьтан гэдгийг дуулснаас цаашгүй, энэ амьтны тухай бараг мэдэхгүй гэхэд хилсдэхгүй. 2000 оны эхээр суудлын галт тэргээр дамжин харх орж ирлээ гэж нэлээд шуугиан болсон ч удалгүй намжсан. Энэ мэтчилэн хааяа нэг хархны тухай сонсдог учраас томчууд төдийгүй хүүхэд багачууд ч манай оронд харх байдаггүй л гэсэн ойлголттой байдаг шүү дээ. Тэгвэл манай оронд харх байдаг юм байна. Үүнийг судалдаг судлаач эрдэмтэд ч цөөнгүй байж. Энэ чиглэлээр сүүлийн үед дагнан ажиллаж, докторын зэрэг хамгаалсан хүн ч байна. Тэр хүн бол биологийн ухааны доктор, амьтан судлаач В.Батсайхан. Түүнтэй харх хэмээгч хорлон сүйтгэгч амьтны талаар ярилцлаа.
Хархны тархац
Дэлхийн хархны тоо хүмүүсээс хоёр дахин олон гэсэн судалгаа байдаг бөгөөд хархны тоо толгой нэмэгдэх тусам тухайн орны экологийн байдал маш хурдацтай дорддогт хархны гол аюул оршдог байна.
Өдгөө дэлхий дээр зуугаад зүйлийн харх байдгаас хамгийн аюултай нь хар, бор харх бөгөөд манай оронд бор харх байдаг гэнэ. Энэ нь Халх, Хэрлэн, Онон, Олз, Сэлэнгэ мөрний сав нутаг тэдгээрийн ойролцоох төв суурин газруудаар зонхилон тархжээ. 1930-аад оноос эхлэн Монгол оронд тархсан бор хархыг судалсан бөгөөд 1958-1959 онд Улаанбаатар хотын Толгойт дахь бараа бааз, махкомбинат зэрэг газраас бор харх, 1999 онд төмөр замын вокзалаас хар харх барьж байсан тухай мэдээлэл тэмдэглэгдэн үлджээ. Харх говь цөл хуурай бүсээс дайжиж чийглэг дулаан нутаг руу тэмүүлдэг амьтан бөгөөд манай оронд ихээр үржиж тархдаггүй гол шалтгаан нь цаг уурын эрс тэс байдалтай холбоотой гэнэ.
Ер нь харх үржин өсөх гол шалтгааныг хүн төрөлхтөн өөрсдөө хийж байгаа бөгөөд хүмүүсийн буруу үйл ажиллагаа, дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй хархны тоо толгойн өсөлт холбоотой аж. Нэг харх жилд 15000 болж өсөх магадлалтай ч хүмүүсийн түүнтэй тэмцэх тэмцлийн үрээр тэгтлээ өсөх боломжгүй юм байна. Хүмүүс хараал хийлгэх, шүүхээр яллах гээд хархтай санаанд оромгүй байдлаар тэмцэж ирсэн сонин түүх ч байдаг юм байна.
Хэсэг бүлгээрээ орон сууц, цахилгаан дулааны станц гол горхи, цөөрмийн эрэг, усан санд амьдардаг хархыг дэлхий дээр хүн үүсэхээс тавиад сая жилийн өмнө үүссэн гэж үздэг байна. Эрдэмтэд хархны эх орныг Ази тив гэж тодорхойлж ирсэн бөгөөд сүүлийн үед Дорнод Хятадыг гэж тодорхойлжээ.
Харх сэтгэл санааны дарамтанд орсноос болж үхдэг гэнэ
Ертөнц дээр сайн, муу, сайхан муухай, хүнлэг, харгис, хэрцгий гэхчилэн янз бүрийн ааш араншинтай хүмүүс амьдардаг шиг хархнуудын ааш авир мөн л өөр өөрийн онцлогтой. Хүчтэй зоригтой ноёлогч харх түүнийг тойрон хүрээлэгч нар байхад тэдэнтэй адил хүч чадалтай атлаа аймхай нь дэндсэн нэг хэсэг байх. Аймхай хархнуудыг ноёлогч хархнууд ихэвчлэн сэтгэл санааны дарамтанд оруулж үхүүлдэг гэвэл та итгэх үү. Ялангуяа бусад хархны амьдрах нутагт хил зөрчин орж ирсэн тохиолдолд тухайн харх эсэргүүцэл үзүүлэх эрхгүй бөгөөд газрын эзэн харх ч түүнийг дайрч хэмлэхгүй. Харин тойрч эргэлдэн үсээ босгож шүдээ хавиран хэдэн цагаар ч хамаагүй дарамталж энэ байдлыг тэсэхээ байсан хил зөрчигч хөдөлгөөнгүй хэвтсээр үхдэг аж. Нэг ёсондоо айснаасаа болж үнхэлцэг нь хагарч үхдэг байна.
Эрдэмтэд энэ мэтчилэн бусдын нутагт дураар орж ирсэндээ гэмшин ямар ч эсэргүүцэлгүй үхдэг нь эр хархнуудын хатуу дэг журамтай холбон тайлбарлажээ. Хархны бас нэг онцлог нь шүд нь байнга ургаж төлжиж байдаг аж. Хэрэв бүх амьдралынх нь туршид шүд нь ургавал 130 мм-т хүрэх гэнэ. Ийм учраас ямар нэгэн юм байнга мэрж шүднийхээ уртыг зохицуулдаг юм байх.
Хортой хоолыг золиосны харх л иднэ
Харханд идэхгүй юм гэж үгүй. Шувууны өндөг, ангаахай, амьтны сэг, хавч, мэлхий, гүрвэл, зөөлөн биетэн, өвс ургамал, жимс, цаашлаад цемент чулуу ч иднэ. Ер нь мангас л гэсэн үг. Тэр хоол хомс үед юуг ч барьж идэхээс буцахгүй. Бие биенээ ч барьж иднэ. Өөрөөсөө хэд дахин том амьтан руу бүр хүн рүү довтлон дайрч хөнөөдөг аюултай амьтан.
Гэхдээ хортой, өөрт аюултай хоол хүнсийг бол амсах ч үгүй. Энэ хэрээрээ хэр баргийн хор, хавханд баригддаггүй амьтан гэнэ. Хордуулсан идэш бэлдэж тавихад тэд бүгд зэрэг иддэггүй бөгөөд золиосны харх эхэлж хорыг идэх ёстой аж. Түүнийг бусад нь ямар ч удаан хугацаанд тэвчээртэй ажиглаж хүлээж чаддаг байна.
Тэр бас янз бүрийн витаминлаг хоол өгөхөд өөрт хамгийн хэрэгтэйг сонгож иддэг гэдгийг эрдэмтэд нотолжээ. Бас нэг судалгаагаар хүн төрөлхтөн жил бүр 33 сая тн талх, үр тариаг харханд алддаг гэжээ.
Нэг харх 25 зулзага гаргах үе ч байна
Хархны үржих чадвар өндөр бөгөөд жилд дунджаар 3-4 удаа төрнө. Хээлээ 21 хоног тээх бөгөөд нэг төрөхдөө 8-12 зарим тохиолдолд 25 зулзага төрүүлдэг байна. Үр төл нь хоёр гуравхан сартайдаа дахин үржилд орж төрж эхэлдэг. Ялангуяа орон сууцанд амьдардаг харх бүтэн жилийн турш тасралтгүй төрж өсөх боломжтой. Харин хүйтэнд төдийлөн хурдан үрждэггүй байна.
Дүлий бас хараа муутай харх
Хархыг оюун ухаантай амьтан гэж үзэх хандлага бий болжээ. Энэ нь амьтдын IQ-г судалж үзэхэд тэргүүн байрт харх орсонтой холбоотой гэнэ.
Эрдэмтдийг гайхшруулдаг бас нэг зүйл нь харх дээд мэдрэлийн механизмтай байдаг явдал. Ямар ч нөхцөлд тэд төөрдөггүй замаа буцаад л олчихно. Хурдан шалмаг хөдөлгөөнтэй. Хатуужил тэвчээртэй амьтан. Хана туурга, багана өөд эгц авирах, аюултай газраас богино хугацаанд хол зайлахдаа тун ч сурамгай. Тэднийг бас мэргэжлийн хулгайчтай зүйрлэж болно гэсэн. Учир нь тахианы өндөг хулгайлахдаа зохион байгуулалттай ажилладаг бөгөөд нэг нь өндгөө сарвуундаа тэврээд дээш харан хэвтэхэд хамсаатнууд нь сүүлнээс нь чирээд явдаг байна. Гэхдээ тэднийг бүрэн төгс супер амьтан гэж ойлгож болохгүй. Тэд сонсгол муу бараг л дүлий, бас өнгө ялгахдаа тааруу, үнэрлэх эрхтэн бусад амьтныг бодвол дорой амьтан гэнэ.
Бор хархны биеийн урт нь 12-25 см, жин нь 110-500гр. Гэхдээ харх өргөн тархсан зарим оронд тухайлбал Энэтхэгт 1 кг хүртэлх жинтэй харх ч байдаг аж. Тэд дээд тал нь зургаан жил наслах боломжтой ихэвчлэн 2-3 жил амьдардаг байна. Хархны гэр бүл дунджаар 150 метрийн радиустай талбайг эзэмшинэ. Маршрут нь гол төлөв хана, төмөр хоолойг даган үрждэг. Харх 50-80 см өндөрт харайж таван метр зузаан ханыг цоолж, усанд хөвөх, сэлэх, шумбах чадвартай аж. Харх байгалийн гамшигт нэрвэгдэх, дайн байлдаан болох үед хүнд ойртдог. Манай улсад иймэрхүү зүйл тохиолдож байсан бөгөөд тэд өлгийтэй хүүхэд бие сул дорой согтуу унтаж буй хүн рүү ноцож бодон мэгжийг хазаж барьсан ч удаатай.
Хархны хүмүүст учруулах хор уршиг их. Манай орны хувьд Төв, Сэлэнгэ, Дорнод, Хэнтийн бүс нутагт хийсэн ажиглалтаар нэг сангийн аж ахуйд 60-аад торой, галуу, тахианы мянгаад дэгдээхэй барьж хохирол учруулж байжээ. Гадны орнуудад усны хоолойг цоолон ус алдуулах, цахилгаан шугам сүлжээг тасдан осол гаргах зэргээр улс орны эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг. Ялангуяа Англи, Франц АНУ-д жил тутам ийм хохирол амсдаг байна. Зарим улс хүнээсээ илүү хархтай. Энэтхэг гэхэд нэг хүнд арван харх ногддог юм байх.
Үүнээс гадна харх эрүүл ахуйн талаасаа байгалийн голомтот олон өвчин үүсгэгчийг тээж дамжуулдаг бохир амьтан. 1970-аад оноод хойш дэлхийд гарсан 20 гаруй төрлийн өвчний гол тараагч нь харх гэж үзэх болжээ.
1 сэтгэгдэл:
Excellent blog right here! Also your website loads up
fast! What web host are you using? Can I am getting your
associate hyperlink on your host? I desire my web site loaded up as fast as yours
lol
Here is my webpage :: how to get followers on instagram
Post a Comment
Хэрэв танд google account байхгүй бол Name/URL сонголтыг сонгон нэр болон холбоосоо оруулаад сэтгэгдэл бичих боломжтой :D